Сэмэрч дуусаж буй хүүхэд нас

2012-03-26,

Оройн 16 цаг. Тэсгэм хүйтэн өвлийн энэ өдөр Нарантуул худалдааны төвийг зорилоо. Баяр дөхөж буй болохоор тэр үү хүний хөл хөдөлгөөн ихтэй байв. Боодол “лент” арвыг зууд, тамхи чихэр бохь аваарай, тор авахуу эгчээ хэмээн захын төв хаалгаар оронгуут л бяцхан хүүхдүүд намайг урдаас тосох аж. Тэднийг харахад бүгд л гадаа хүйтэнд өдөржин явснаас царай нь даарч хөхрөн, бяцхан гар нь бээрсэн харагдах бөгөөд нүдэнд нь гэрэлтэх гал цог “хэдийнэ” алга болжээ. Тийнхүү нэгэн бохь, тамхи,чихэр зарж буй жаалтай хэсэгхэн хугацаанд ярилцахаар тус худалдааны төвийн хүнсний захруу орлоо. Тэрээр “Эгчээ би удаан ярилцах боломжгүй байна аа, хурдан ярилцчихаад ажилаа хийх ёстой” гэсэн учир эндээс холдож чадаагүй юм. Зарж буй тамхи, бохь, чихэрээ хайрцаганд хийн уяагаар уяан хүзүүнээсээ зүүсэн байх бөгөөд шавилхан биедээ баймааргүй хүчтэй харагдана. Түүнийг Б.Баттулга гэдэг бөгөөд Нарантуул худалдааны төвд “наймаа” хийгээд гурван жил болж байгаа аж. “Таны харж байгаа энэ барааг би 30 мянган төгрөгөөр өчигдөр авсан юм” хэмээн хайрцган дахь чихэр, тамхируугаа заагаад, жижигхэн уруулаа цорвойлгон ярьж өгөх нь үнэхээр эгдүүтэй санагдав. Мөн “Эргүүлээд гэхдээ өдөртөө 7000 төгрөгийн л ашиг олдог юм оо, тэгээд л хоол хүнсний зүйлээ аваад 3000 төгрөг цаашаа хийдэг ухаантай” хэмээн санаа алдангуй инээмсэглэх аж. Түүний эцэг эх нь таван жилийн өмнө хавдараар нас барсан учир өөрийн таван дүүгээ тэжээх үүрэг энэ бяцхан хүү дээр оногдсон байна. Дүү нар нь бүгд сургуульд явдаг гэх бөгөөд, өөрөө гуравдугаар анги хүртлээ суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиа орхисон аж. Баттулгын яг доод талын дүү нь сургуулиа орхиод ахдаа тусалхаар цуг зах дээр ажиллая гэдэг боловч дүүгээ боловсролгүй, ирээдүйгүй хүн болгохгүй гэсэндээ өөрөө л бүгдийг нуруун дээрээ үүрч явна. Тэрээр 14 настай хэдий ч дэндүү ахадсан үүргийг өөртөө хүлээсэн юм. Түүний насан дээр хичээлдээ яван, аав ээжээсээ шаналган байж мөнгө аваад найзуудтайгаа нийлэн “пс” тоглоом тоглож, хөгжилдөн наадах үе. Гэтэл таван хүний амьдралыг өөр дээрээ аван, сэтгэлдээ нартайгаар гэрэлт ирээдүйг харж явна. Олсон мөнгөөрөө өдөртөө жаахан мах, талх аваад гэртээ харьдаг гэх бөгөөд “Өдөрөө яахав болгоод л байдаг юм гэхдээ манай бага дүү жаахан болохор одоохондоо учир мэдэхгүй, амттай юм нэхээд хэцүү л байдаг юм” хэмээн өдөржин гадаа даарснаас хөхөрч даарсан гараараа толгойгоо маажихад сэтгэлд минь гуниг төрөн, нүднээс нулимс асгарах болсноо нуух юун. Тэдний энэ зун амгаланд байрлах жижигхэн “амбаар” нь гэнэт шатсан учир орох оронгүй болон Алтан өлгийн эцэст байрлах “Хайр” христийн цуглааны байранд одоогоор амьдарч байгаа аж. Тэнд амьдрахдаа зүгээр амьдрах биш дүү нар нь цэвэрлэгээ хийн, янз бүрийн ажилд нь тусалдаг гэв. Хорооны халамж, үйлчилгээнд хамрагдан сар бүрийн эх орны хишгээ аваад, эргээд дүү нартаа л зарцуулдаг байна. Тэрээр “Хожим нь миний дүү нар л намайг харж хандах учир, одоо бол би хамаагүй ээ өнгөрсөн хэрэг. Эд нар минь л боловсролтой, сайн хүн болж байвал боллоо” хэмээн сая нэг нүдэндээ цогтойгоор инээмсэглэв. Бяцхан хүүхдүүд өөрт ахадсан ачаа үүрснээр амьдралд суралцан, хэрсүү ухаан суужээ..

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax