Хүн байхын учир

2012-03-26,

Хүнийг хүн биш гэвэл мэдээж доромжилсон хэрэг болно. Гэвч би ч, та ч бүрэн төгс хүн болж чадаагүй, адгуусан амьтны төдий ухамсартай байгааг шинжлэх ухаан нотлох боллоо. Мөн хүн төрөлхтөнд орших, эс оршихуйн шалгуур болж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэрт байдлын алдагдал нь бидний хүн болж чадаагүйгээс шууд хамааралтайг батлан харуулах боллоо. Тодруулбал, профессор Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” бүтээлээрээ хүмүүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээг 41 хувь гэж тогтоожээ. Тэгэхээр өнөөгийн бид 100 хувь хүн биш юм байна. Тэгвэл биднийг бүрэн төгс хүн болгох үлдсэн 60 орчим хувь нь юу юм бол? Энэ асуултад Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа ердөө л “ухамсар” гэсэн ганцхан үгээр хариулж байна. Тэрбээр дээрх ойлголтыг “Физик бие нь хүний 41 хүртэл хувийг эзэлж эсийн болон удамшлын хуулиар зохицно гэвэл ухамсар нь энергийн болон термодинамикийн хуулинд захирагдана. Учир нь ухамсар бол энерги юм. Хүний бодол санаа нь физик биеийн генератор буюу энергийн үүсгүүр, энергийн хангамжийн систем бөгөөд ухамсар нь хүмүүний хөдөлгөгч хүч нь болдог” хэмээн тайлбарлалаа. Иймээс бид “хүн гэж эр, эм бэлгийн эс нийлэхийг л хэлнэ” гэсэн ядмагхан тодорхойлолтоос татгалзаж, яаж бүрэн төгс хүн болох талаар бодож үзэх хэрэгтэй болж байна. Хүн болох тухай ойлголт нь өргөн цар хүрээтэй бөгөөд идэж, уухаас аваад бясалгал гэгээрэл, сүнсний тухай ч ярих шаардлагатай болно. Энэ удаад хүн төрөлхтөнд зүгээр нэг тулгамдсан асуудал төдий бус хоолой дээр хутга тавьсантай адил хэмжээнд хүрсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюулаас сэтгэлгээ, ухамсрын түвшинд өөрчлөлт хийх замаар хялбархан мултрах боломжийн талаар хөндөе. Энэ дэлхий дээр бүрэн төгс хүмүүс байсан уу гэвэл байсан. Байх байхдаа бидний өвөг дээдэс /XIII зууны Монголчууд/ ухамсрын мөн чанарыг таньж мэдсэн, ухамсраа хөгжүүлж чадсан хүмүүс байжээ. Түрүү үеийн Монголчууд ухамсар нь хоол ундны амтанд уусч доройтдогийн учрыг олж, улмаар бодит хоолноос ухамсартайгаар татгалздаг байж. Ингэж чадсанаараа тэд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр өнөөгийн биднээс хол давуу байсныг тухайн үеийн судлаачдын тэмдэглэн үлдээсэн баримтаас харж болно. XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францийн В.Рубрук нар Монголчуудын ахуй амьдралыг судлаад, европчуудаас 4-5 дахин бага хооллодог, дулааны улирлын есөн сарын турш цагаан хоол хэрэглэдэг байсан талаар бичжээ. Тухайн үед нэг хүний хоол унднаас хоногт авах илчлэг 500-600 ккал байсан бол өнөөдөр 2100-2300 ккал буюу 3-4 дахин их болсон. Гэвч илүү их идэж уулаа гээд өнөөгийн бид өвөг дээдсээсээ бүх талаар дортойтсон уу гэхээс дээрдээгүй. Цагаан хоолтон эртний Монголчууд 1-2 хоног юу ч идэж уулгүй 400 км замыг мориор туулж чаддаг, 60 настайдаа ч цэргийн алба хааж, улс дамнан довтолдог, 25 км зайд мал амьтныг ялган таних харааны чадвартай байсан аж. Орчин үе /Английн эрдэмтэн Ирвинг Фишер/-ийн судалгаагаар ч цагаан хоолтой хүн тэсвэрээрээ махан хоолтноос хоёр дахин, хүчээ сэргээх чадвараараа тав дахин илүү байдгийг нотолж байна. Үнэхээр махан хоолтон бид 60 настайдаа юун цэргийн алба хаах манатай, хөдөлмөрийн чадваргүй болон тэтгэвэртээ гарч байгаа шүү дээ. Мөн цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97 хувь бага, хавдраар өвчлөх нь цөөн байдгийн ОХУ-ын эрдэмтэн Ар Аддар тэмдэглэжээ. Гэхдээ цагаан хоол зөвхөн эрүүл мэндэд хамаатай эд биш ээ. Бидний амьдралд шууд заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоож чадах хялбархан арга бол цагаан хоол гэнэ. Цагаан хоолонд дэлхийн дулаарлыг зогсоох ямар шид агуулагдаж байдгийг одоо тайлбарлая. Дэлхийн уур амьсгалыг хэтэрхий дулааруулж буй хүлэмжийн хийг бүрдүүлэгч гол элемент нь нүүрсхүчлийн хий /СО2/ юм. Тэгвэл, цагаан хоолтноос махан хоолтон тав дахин их СО2 ялгаруулдаг аж. Хүний биеэс ашиггүй хэлбэрээр ялгарах дулаан мөн тав дахин их. Энэ нь дэлхийн дулааныг хоногт наанадаж 3.6 триллион ккал илчээр нэмэгдүүлж буй бөгөөд өдөр бүр 783 мянган тонн нүүрс шатаасантай тэнцдэг байна. Дэлхий дээр амьдарч буй хүн болж чадаагүй хүмүүс бид хэт балмад хэрэгцээгээ хангахын тулд жил бүр 56 тэрбум мал нядалж, зөвхөн АНУ л гэхэд есөн тэрбум шувууны амь хөнөөдөг аж. Хамгийн харамсалтай нь тасалсан амийг тоолж, амьгүй бие махбодыг үнэлж болно уу гэхээс тухайн амь бүр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг өнөөдөр ямар ч чадалтай эрдэмтэн тогтоож чадаагүй. Дээрх тоо, баримтуудаас бид хүн биш, харин аймшигтай “махчин амьтан” гэж харагдахаар байна. Мөн мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгч, дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг устгах болжээ. Жишээ нь, Амазоны ширэнгэн ойн 70 хувийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан байдаг. Дэлхийн хуурай газрын тэн хагасыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдээд байгаа. Энэ нь хүний ухамсаргүй үйлдэл буюу махны үйлдвэрлэлээс шууд шалтгаалж буй юм. Ганцхан кг мах үйлдвэрлэхэд суудлын машинаар 250 км явахад гарах хэмжээний хүлэмжийн хий ялгардаг, мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг гээд махны хэрэглээний сөрөг үр дагаврыг тоочоод байвал дуусахгүй. Хамгийн инээдтэй нь хүмүүс өөрсдөө 100 хувь хэрэглэх боломжтой 77 сая тонн ургамлын уургаар мал, амьтан тэжээж, тэрхүү бордуулсан мал нь 58 сая тонн амьтны уураг болж хүнд хүрч байгаа нь алтаа гуулиар, атаа торомоор солихоос ч долоон дор хэрэг. Мөн дэлхийн улс орнуудаар дамжин тархаж, хүний амь насыг хэдэн мянгаар нь авч одох болсон элдэв ханиад томуу бас л өнөөх идэхийн тулд тэжээдэг гахай, шувуунаас үүсдэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Хүмүүс бид энэхүү махнаас үүдэлтэй зовлонгоо гэтлэх гэж хөрөнгө мөнгөө үрэн, санхүүгийн гачаалд орж, хүчин мөхөсдсөөр. Энэ бүхэн мөн л бидний хүн болж чадаагүйн, ухамсар, мэдлэггүйн хар гай. Эзэн Чингис хааны үеэс үе дамжуулан өртөөлөн цээжлүүлж өнөөдрийг хүрсэн гэгдэх “Хөх Монголыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх номонд бичсэнээр тухайн үед хүн амаа ухамсартай эсэхээс нь хамаарч ил, элч, дэмч, иргүн, боулихай гэж тав ангилдаг байсан бөгөөд оюун ухаанаа хөгжүүлээгүй хүнийг “оул” буюу зүгээр л байгалиас заяасан бие, таван мөчит амьтан хэмээдэг байжээ. Эрдэмтэд тэр бүр анхаарлаа хандуулаад байдаггүй эл сурвалж нь профессор Х.Сүхбаатарын “ухамсаргүй хүн 41 хувь л хүрнэ” гэсэнтэй яв цав дүйж байна. Тэр ч бүү хэл энэ номонд “…Цангас /цагаан хоол/ идвээс гэгээрч Мах идвээс мунхагжина Махан хоолыг хориглож чадваас Хижи гөрөөс /хүн/-ий хүслийг удирдаж чадна… ” хэмээн хүмүүст тайлбарлах гэж түмэн зүйлийг нуршиж буй санааг маань хэдхэн мөрөнд тов тодорхой багтаажээ. Цагаан хоолтон болох эсэх нь хүний ухамсрын асуудал, ухамсартай байх гэдэг нь хүн болох тухай ойлголт. Хүмүүн заяанд төрсөн ч хүн болж чадаагүйн төлөө өнөөдөр биднийг байгаль эх шийтгэж байна. Дэлхийн /бидний/ ирээдүй одоо тун бүрхэг байгаа. Агаарын температур тогтмол нэмэгдэж, дулаарлаас шалтгаалсан усны хомсдол, ган гачиг, түймэр гээд зовлон гачаалыг бид бишгүй л амч байна. Харин хойч үе маань зовлон амсах төдий бус золиос болох ч аюултай. Байгаль экологийн энэхүү огцом өөрчлөлт нь биднийг заналхийлж, хэдэн маргааш үлдсэнийг хэлэхэд хэцүү болголоо. Гэхдээ бидэнд аврагдах боломж бий. Бүгдээрээ өөрсдийгээ болон ирээдүйгээ аврахын тулд юуны түрүүнд хүн болцгооё. Хүн болох амархан. Та зүгээр л ухамсартай байхад хангалттай. Үүний тулд танаас илүү мөнгө шаардахгүй, харин ч эдийн засагт хэмнэлт гарна. Махны хэрэглээгээ л эрс багасгачих юм бол дэлхийн дулаарлыг цаг алдалгүй зогсоож чадахаас гадна, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах бүрэн боломж байна. Их хурлаас “идэж, уухыг хязгаарласан” хууль гаргах боломжгүй. Харин махны хэрэглээг хязгаарлах талаар бодлогын чанартай ажил хийж болно. Тухайлбал, зүгээр л иргэн бүрт 50 мянган төгрөг өгье гэж байхаар цагаан хоолтой болсонд нь тэр мөнгөө өгье. Хүн шиг хүн байсных нь төлөө хэдхэн мянгыг байтугай хэдэн саяыг ч өгч болно шүү дээ. Басхүү хүнсний ногоо, тариа буудайны тариалалт, цагаан хоолны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ төрлийн бизнесийн орчныг бүрдүүлэхэд эрх зүй, эдийн засгийн бодлогоор дэмжих шаардлагатай. Махтай холбоотой бизнест татвар, шалгуур өндөр, харин цагаан хоолны төрөлд хялбар, бага байлгах хэрэгтэй. Энэ бол төрийн хийж чадах ажил. Хаана хялбар бизнес байна, худалдаачид тийшээ явна. Олон гар дамждаг махны худалдааг онцгой дэглэмтэй болгож, нарийн шинжилгээ хийдэг болох юм бол хэн дуртай нь хаа нэгтэй лангуу гаргаад мах зараад байхгүй, мөн шаардлага хангах мах хэр их байх нь бас эргэлзээтэй. Гэхдээ төр, засаг махны худалдаа эрхэлж амьдралаа залгуулдаг олон иргэний эрхийг боогдуулж байгаа юм шиг биш, хүн амыг эрүүл байлгахын төлөө ажиллаж байгаагаар харагдах ёстой. Үүний “далбаан дор” цагаан хоолны хэрэглээг дэлгэрүүлье. Үүнээс гадна төр болон эрдэмтэн судлаачдын хийж чадах бас нэг зүйл нь хүн байхын утга учир, хорвоо дэлхий дээр хэрхэн оршин тогтнохын нууцыг шингээсэн өвөг дээдсийнхээ гэрээслэл, оюуны аугаа бүтээлүүдийг уншиж судалж, улмаар хүн арддаа түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага байна. Жишээ нь, “Алтан дээд үнэний аялгуу”-нд хэрхэн хүн болох “жор”-ыг маш тодорхой бичсэн байдаг. XIII зууны түүхэн баримт нь зөвхөн Монголын нууц товчоо биш гэдгийг манай эрдэмтэд бодолцох цаг болжээ. Ийн хэлэх учир нь, төр, нийгмийг зөв цогцлоох ухаан хийгээд хүмүүний мөн чанарын тухай нэн чухал баримт агуулсан дээрх бүтээлийн “амт”-ыг хуваалцах гэхээр хүлээж авах, хүндэтгэж сонсох эрдэмтэн, судлаач олддоггүй, харин ч доромжлон гутаадаг гэж 15 дахь үеийн өртөөлөн дамжуулагч Журнайн Нүрзэд агсан амьд сэрүүндээ хэлж байжээ. Зөвхөн “Алтан дээд үнэний аялгуу” ч бус өвөг дээдсийн үлдээсэн өөр хэчнээн их ухаан мэдлэгийн өвийг бид олж, таниагүй яваа. Тиймдээ ч өнөөдөр шийдэж чадахгүй олон бэрхшээлтэй учирч, шаналан зовж байгаа ч юм билүү. Үгүйсгэх газаргүй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

goe b.a











бичсэн Зочин цаг: 16:35, 2012-11-27 | Холбоос | |



:-)
 
xaax